Ж.Нямдаш: Монголд

2012-11-09 12:30:00 

Энэ өдрүүдэд бид Монгол, Оросын найрамдлын гэрээ байгуулсны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Улсын тусгаар тогтнолыг ярих зайлшгүй нэг баримт гэвэл яах аргагүй сониныг хэвлэл байгуулагдсан цаг хугацаа. Монголд анхны хэвлэх үйлдвэр, сонин хаана, хэн, ямар нэртэй гаргав гээд ярих зүйл ч олон болжээ. Бид саяхан нэгэн эрхэмтэй уулзав. Тэр хүн бол "АЭ" сонины гэрэл зургийн албаны даргаар, хожим "Ган зам" сонины эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Нямдаш гуай. 

Тэрбээр үзэг, цаастай 50 жил болохдоо Монголын хэвлэлийн үнэн түүхийг хэрхэн тогтоох вэ гэдэгт анхаарал тавьсан байна. Тэр баримтыг дэлгэхээр олон ч газраар орж, гарчээ. Тэр дундаа Монголын хэвлэлийн түүхийн анхны эхийг барилцсан Коростовецийн номыг судалж, уг номын эхийг анх олж дэлгэсэн Ольга Бакычтай хүртэл Канадад очиж уулзсан байх юм. Монголд анхны хэвлэх үйлдвэр, анхны сонин хэрхэн үйлдвэрлэж байсан талаар бидний сонирхсон асуултад тэрбээр хариулт өглөө. 

-Ингэхэд та бид лав 1990-ээд оноос бие биенээ таних болсон. Та хэдэн жилийн дараа яагаад "Ган зам" сониныг эрхлэхээр явчихсан юм бэ?

- 1995 он. "АЭ" сонины гэрэл зургийн албаны ажлыг өгөх санаатай Ц.Балдорж эрхлэгч дээр УБТЗ-ын даргын хүсэлтийг бариад ортол тэрбээр шууд ураад хогийн сав руу шидсэн дээ. Тэр үед бүх аймгийн хэвлэх үйлдвэр хаалгаа барьсан, 30-40 мянган хувь хэвлэгддэг "Найрамдлын зам" "Өдтэй бичиг" болоод "нисчихсэн". Түүний оронд "Ган зам" сонин 372 уншигчтай, хаалгаа барихад ойрхон очсон цаг байлаа. Би төмөр замд "өртэй" нэгэн. Ээж минь Завханаас ирж, тухайн үед 505-ынхан зам тавьж байх цагаас замчнаар ажиллан, биднийг хооллож, хувцаслаж явав шүү. Би тийнхүү төмөр замчдийн тоосон дунд тосонд нь хутгалдан өсөж хүний зэрэгт хүрсэн юм. Тийм хүн чинь "Ирээч" гэхэд үгүй гэж болохгүй биз дээ.

-Та яаж яваад Монголын шинэ хэвлэлийн түүхтэй холбогдчихов?

-"Шинэ толь" сонин анхны дугаараа Орос орон хаантай, Монгол Улс автономит эрхтэй байхад хэвлэсэн. Түүнээс 10 шахам жилийн дараа хувьсгалт хэвлэл үүссэн шүү дээ. Тэгэхээр энэ талаар бүх сэдэв хаалттай байхаас яахав. Тэгвэл өнөөдөр цаг өөр болсон. Тэр байтугай тухайн цагт манайд хэвлэх үйлдвэр байгуулж явсан тодорхой хүмүүсийн баримт хүртэл гарч ирлээ. Монголд хэвлэлийн үйлдвэрийг бий болгосон Монгол дахь Оросын Бүрэн эрхт төлөөлөгчийн өдрийн тэмдэглэл бараг 100 орчим жилийн дараа Монголд хэвлэгдлээ. Тэр номын гарчгийг хүртэл "Монголд өнгөрүүлсэн есөн сар" гэсэн нь сонин. Г.Хавчуурын "Монголын хэвлэлийн үйлдвэрлэлийн түүх" гэж ном бий. Тэр номонд Монголын хэвлэх үйлдвэр хэзээ үүссэн бэ гэдгийг 1911 оны арваннэгдүгээр сарын 30 гэж үзэх нь илүү ортой гэсэн байгаа нь бодох л асуудал. Гэтэл манайх "Үнэн" сонины анхны дугаар гарснаар 1920 он гэж үздэг шүү дээ. 

-Гэвч тэр баримт одоо хуучирлаа? 

-Монголд хэвлэх үйлдвэр үүссэн түүх улстөржсөн. 1911 оны арванхо ёрдугаар сарын 30-нд Шанзавын яаманд жижиг гар хэвлэх үйлдвэр байгуулсныг анхных гэсэн байгаа. Харамсалтай нь тэр нь чулуун баран хэвлэх байдаг. Тэгэхээр яах аргагүй Консулын хэвлэх үйлдвэр "Шинэ толь" сониныг Консулд хэвлэсэн байдаг. Түүний нэрийг орчуулагч Ц.Жамсрано өгсөн. Гэтэл түүнд энэ итгэлийг хүлээлгэсэн хүн нь И.Я.Коростовец байх юм. Тэгвэл өнөөдөр бид "Шинэ толь" Монголын анхны сонин гэж зарлах мөртлөө хаана хэвлэсэн бэ гэвэл консулын хэвлэх гэдэг. Уг нь сонины үйлдвэр гэдэг нэг юмны хоёр тал шүү дээ. Тэгэхээр "Шинэ толь" Монголын анхны сонин мөн юм бол түүнийг хэвлэсэн үйлдвэр нь консулын үйлдвэр болох нь гарцаагүй. Тэгээд ч Коростовец тухайн үед Оросын нөлөө Монголд давамгайлж байгааг Хятадын хоёр ч хэвлэлд шүүмжилж байна. Тиймээс бид сонин гаргана. Өөрсдийнх нь аргаар тэмцэнэ. Хэвлэх үйлдвэр оруулж ирнэ. Сонин гаргах хүн хүч ч байна" гээд Ц.Жамсрано дуудаж хэлсэн байдаг. Тэр үед гэрэл цахилгаантай, хэвлэх машинтай, мэргэжлийн боловсон хүчинтэй нь консул байсан хэрэг. Тийм учраас тэр үйлдвэрийг эхлээд гамин ирж сүйдлээд, дараа нь Барон ирж сэргээгээд хожим зөвлөлтийн Элчин сайдын яаманд шилжсэн. 

-Тэгэхээр тэр хэвлэхийг Монголд хэрхэн оруулсан байна?

-Монголын консул Люба гэж хүн байжээ. Тэрбээр 1912 оны есдүгээр сард хэвлэх үйлдвэр Эрхүүгээс авч, хоёр ажилчинтай болсон байсан гэдэг. Люба 1912 оны наймдугаар сарын 20-нд консулын газар сонин гаргах хүсэлтэй бичиг хүртэл илгээсэн байв. Тэр үед Люба Оросын консул, И.Я.Коростовец тусгай төлөөлөгч байж, Монгол Оросын хооронд анх удаа найрамдалт харилцаа тогтоох гэрээ байгуулсан байлаа. Коростовец тэмдэглэлдээ "Анхны хэвлэх үйлдвэр хоёр хүнтэй. Энэ бол миний үйлдвэр. Тэр үйлдвэрийг 3500 рублиэр авч, Консулын мэдэлд шилжүүлэв" гэсэн байгаа. Тэрбээр бас хэвлэх үйлдвэрийн байрыг монголчууд гаргаж өглөө гэжээ. Тэр байр нь алтны уурхайн захиргааны байр. Одоо ч бий. Эндээс харсан ч Монголын анхны "Шинэ толь" сонин Консулын дэнжид гарсан ажээ. Энд нэг зүйлийг сонирхуулахад "Шинэ толь" сонинд дэлхий бөөрөнхий гэж бичсэн байсныг лам нар эсэргүүцэж сүйд болж байсан гэдэг. 

-Та Консулын дэнжид Монголын анхны сонин гарчээ гэлээ. Хэвлэх үйлдвэр бий болж "Үнэн" сонин Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрт гарсан нь хэр үнэн бэ?

-Тэр тийм байх учиргүй. "Д.Сүхбаатар энд ажиллаж байв" гэж бичсэн одоогийн хэвлэх үйлдвэрийн байр бүр хожим баригдсан шүү дээ. Би Сүхбаатар судлаач О.Пүрэв гуайтай нэг зусланд гардаг байлаа. Түүнээс Д.Сүхбаатар Консулын дэнжийн хэвлэхэд ажиллаж байсан юм биш үү гэж асуухад тийм, үгүй гэдэггүйсэн. Оросын хувьсгалч Кучеренко, Гимбержевский нар л Консулын хэвлэлийн газар ажиллаж байсан гэдэг. Консул Александров гэдэг хүний хүүтэй тоглож байсан гэхээс цааш ярьдаггүй. Тэр яахав гэхэд Сүхбаатар чухам хаана ажиллаж байсан бэ гэдэг л тодорхойгүй байгаа юм. Бидний Гадаад харилцааны яамны хэвлэх үйлдвэр гэж үздэг байсан газар одоогийн МУБИС-ийн ойролцоо байсан юм билээ. Тэнд ажиллаж байсан гэх Ээндэн гуай л тэр яриаг үндэслэсэн бололтой байдаг. Түүнийг нь Пүрэв гуай баталдаггүй шүү дээ. 

-Ингэхэд консул гэж ямархуу газар байсан юм бол? 

-Оросын генерал губернатар М.П.Игнатов 1860 онд Бээжинд гэрээ байгуулаад буцахдаа хүрээнд Консул байгуулах газрыг сонгоод явсан байдаг. Тэгээд хааш хаашаа нэг км газарт хоёр давхар байшин баригдаж, тэнд Монголд амьдарч байсан оросууд суурьшсан байдаг. Одоо тэр цагийн барилгуудаас Монголд шилжсэн нь гэвэл Цэргийн госпиталын хоёр давхар байшин байна. Чухамдаа тэнд 1911 онд гамин бууж сүйтгэсэн бөгөөд Манлай баатар Дамдинсүрэн тэр байрны доорх шоронд босоогоороо нас барсан гэлцдэг.

-Та "Ган зам"-ын эрхлэгч байлаа. Бас ч гэж Монголын хэвлэлийн анхны үйлдвэрийн түүх та бүхэнтэй холбогдоод байх шиг. 

-Тийм шүү. Та бидний 100 жилийн ой тэмдэглэх гээд байгаа үйлдвэр хожим Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас УБТЗ-д шилжсэн юм. Бидний үеийг хүртэл тэр үйлдвэрээс эд зүйлс, хэвлэх машин хүртэл байсан даа. Тэгэхээр би Монголд хэвлэх үйлдвэр үүссэний 100 жилийн ойг Төмөр замтай ямар нэг хэмжээгээр холбоотой гэж боддог юм.
Б.НАЦАГДОРЖ

 

2014-11-28
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл