УБТЗ шинэчлэлд бэлэн үү?
Зохиогч: Ж.ЭРХЭС
Хэвлэсэн он: 2012.10.01

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал аравдугаар сарын  5-нд буюу ирэх баасан гаригт болох урьдчилсан тов гарсан байна. Энэ хурлаар нэлээд хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд баттай эх сурвалжаас авсан мэдээгээр бол Т.Очирхүүг огцруулах талаар хоёр тал аль хэдийн тохиролцоонд хүрээд байгаа гэнэ.  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү “Өнгөрсөн жил УБТЗ 16.8 сая тонн ачаа тээвэрлэсэн. Төлөвлөгөөгөө 11 хувиар давууллаа“ гэдэг тайлбарыг сонин, хэвлэлээр хийгээд байгаа ч  алба хаших хугацаандаа бодлогын нэг ч реформ хийгээгүй аж.  Т.Очирхүү дарга болохдоо Монгол-Оросын эзэмших харьцааг ГОК шиг өөрчилнө гэж амалж байсан боловч өнөөг хүртэл уг гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй Монгол, Оросын эзэмших хувь 50*50 хэвээр л байна. Аль 60-аад жилийн тэртээ байгуулсан гэрээг өөрчлөх Монголын талын эзэмших хувийг 51 болгон нэмэгдүүлэх, Монгол Улсад татвар төлдөг байх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн яриа байдаг ч албан ёсоор гэрээнд өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байна. Мөн Монголд ямар ч татвар төлдөггүй ганцхан дархан эрхтэй байгууллага байдаг нь төмөр зам юм.  Тиймээс ирэх баасан гаригт болохоор товлогдоод буй уг хурлаар гэрээг өөрчлөх асуудлыг ч хэлэлцэх бөгөөд Монголын тал 51 хувийг эзэмших хүсэлтээ Оросын талд аль хэдийн хүргүүлсэн байна. Харин оросууд энэ асуудлыг ирэх хурлаар хэлэлцэж магадгүй гэсэн хариулт өгсөн бололтой.

Хурлаар тус нийгэмлэгийн даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудал яригдаж, хэд хэдэн хүний нэр дуулдаж байна.  Өнгөрсөн зун сайд асан Ц.Дашдорж Д.Загджавыг Т.Очирхүүгийн оронд зүтгүүлж байгаа гэх яриа дэгдсэн.  Гэвч сөрөг хүчин Засгийн эрхэнд гарснаар энэ яриа намжсан. Хурлаар даргын асуудал хөндөгдөнө гэсэн яриа гарангуут төмөр замыг төмөр замчид удирдах ёстой гэдэг байр сууриа тус нийгэмлэгийн ажилчид илэрхийлээд буй гэнэ лээ. Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа В.Отгондэмбэрэлийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, УБТЗ-ын дарга болох шахсан хэдий ч Т.Очирхүүд суудлаа алдсан.  Тэрбээр  энэ удаад даагаа дахин нэхэх сураг байна. Харин сүүлийн үед авсан мэдээллээр Тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг хамгийн шанстай байна хэмээх яриа төмөр замаар таржээ. Орост сургууль төгссөн, АН-ын ҮЗХ-ны гишүүн тул түүнд хүрд эргүүлэх боломж илүү байгаа гэнэ. Өөр нэг яригдаж байгаа хүн бол Боловсон хүчин эрхэлсэн орлогч дарга Ч.Мижиддорж гэх.

Тэгвэл Оросын тал ч зүгээр байсангүй өөрсдийн хүнээ томилуулахаар хөөцөлдөж эхэлсэн байна.  Ямар ч байсан хувь нийлүүлэгчдийн  хурлаар одоогийн удирдлага огцрох нь тодорхой болоод байгаа бөгөөд шинэ даргыгаа төмөр замын мэдлэг боловсролтой хүн байгаасай гэж төмөр замчид хүсэж байгаа юм билээ. Хурлаар Монголын талын хувийг нэмэгдүүлэх, Монгол Улсад татвар төлдөг механизмыг хэрэгжүүлэх, гэрээг өөрчлөх хэлэлцээ амжилттай болоосой гэдгийг ч төмөр замчид хэлж байна.  Энэ бүгдээс харахад хувь нийлүүлэгчдийн хурал нэлээд ширүүхэн уур амьсгал дунд өрнөх бололтой.

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл