”Бид 4,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа”
Зохиогч: Ц.Энхцэцэг
Зохиогч: "Улс төрийн тойм" сонин
Хэвлэсэн он: 2012

2012.03.05

Монгол, Оросын хувь нийлүүл­сэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр зам (УБТЗ)-ын Удирдах ажилт­нуудын зөвлөлгөөн өн­гөр­сөн баасан, бямба гарагт бол­лоо. Зөвлөлгөөнд нийт 140 хүн оролц­сон юм. Удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээж УБТЗ-ын дарга Т.Очирхүү “УБТЗ хувь ний­лүүлсэн нийгэмлэгийн 2011 оны ажил, ажлын чанар, үр ашгийн жилийн үр дүн, сургамж, 2012 оны зорилт” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Мөн УБТЗ-ын орлогч дарга Ю.Нямжаргал “Ажлын байр бүрт хөдөлмөр, технологийн сахилгыг бэхжүүлэх зорилт”-ын ту­хай илтгэл тавив. Харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэ­лийн холбооны дарга Х.Эрдэнэ “2010-2011 оны хамтын гэрээ, хэ­лэл­цээрийн үр дүн, 2012-2013 оны хамтын гэрээ, хэлэлцээр”-ийн ту­хай илтгэл тавьсан юм. УБТЗ-ын дарга Т.Очирхүү илтгэлдээ “УБТЗ 2011 онд 18.4 сая тонн ачаа, 3.8 сая зорчигч тээвэрлэн, 11.4 тэрбум тонн-км, 1.4 тэрбум зорчигч-км, нийт­дээ 12.8 тэрбум шилжүүлсэн тонн-км-ийн ажил хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад ачаа эргэлт 11 хувиар, зорчигч эр­гэлт 14.7 хувиар тус, тус өссөн. Ха­рин санхүү, эдийн засгийн тухайд өнгөрсөн онд УБТЗ нь 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас 45.4 тэрбум төгрөг, туслах үйлдвэр­лэлээс 9.8 тэрбум төгрөгийн ашиг­тай ажиллав. Мөн нийгмийн чиг­лэлийн байгууллагуудаас татааст дээрх ашгаас 11.7 тэрбум төгрөг зар­цууллаа. УБТЗ-ын хэмжээнд өн­гөр­­сөн оныг “Хөдөлмөрийн ча­­нар, үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарлаж ажилласны үр дүнд 57.8 тэрбум төгрөгийн үр ашиг гар­лаа. Ингэснээр төлөвлөгөөний бие­лэлт 144.9 хувьтай болсон юм” хэмээн дурьдав. Түүнчлэн УБТЗ нь өн­гөрсөн онд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлийг хийжээ. Тэд өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэг­цээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор гол замын 30, сэлгээний долоон зүтгүүр худалдан авсан нь тээврийн хэмжээг өсгөхөд үр дүнгээ өгчээ. Энэ талаар УБТЗ-ын дарга болон удирдах ажилтнууд хэлж байв. Мөн тус газар ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зо­рил­гоор “Орон сууцжуулах хөтөл­бөр”-ийг боловсруулжээ. Энэ хү­рээнд нийт 600 гаруй төмөр замч­дыг ипотекийн зээлд хамруулан орон сууцанд оруулсан аж. Харин 2012 он гараад Сайншанд, Зүүнхараа зан­гилаадад нийт 140 айлын сууцыг ашиглалтад хүлээн аваад байгаа юм байна. Мөн Ерөө өртөөнд баригдаж буй 56 айлын сууцыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажил­лаж байгаа тухай УБТЗ-ын дарга Т.Очирхүү онцоллоо. “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд ажилч­дын урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй болгож, төв эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийжээ.

УБТЗ-ынхан өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь том үзүүлэлт болж бай­гаа аж. Удирдах ажилтны зөвлөл­гөөний үеэр ажилтнууд өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2012 онд хэрэгжүүлэх ажил болон тул­гамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Засгийн газрын хэ­рэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Т.Батболд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримт­лах бодлого”, УБТЗ-ын орлогч дар­га Л.Халтар “Төмөр замчдын нийг­мийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн хөтөлбөрүүд”, УБТЗ-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж “Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д хийгдэх техник технологийн шинэч­лэлт” сэдвээр тус, тус илтгэл тавив. Удирдах ажилтнууд асуудал үүсэж байгаа болон шийдвэрлэх шаард­лагатай ажлынхаа талаар ярьж байлаа. УБТЗ-ын дарга Т.Очирхүү “Улаан­баатарын терминалыг нэгд­сэн бүтцэд оруулах талаар санал тавьж байгаа. Бид яам болон Тээвэр зуучийн холбооны оролцоотойгоор гурван асуудлыг шийдвэрлэлээ. Юун түрүүнд краны нэгдсэн зас­варын ажил, 24 цагийн үйл ажил­лагаанд бүрэн шилжих, тер­миналуу­дын хоорондын ажлын уялдааг сайж­руулах гэсэн үндсэн ажлыг ирэх тавдугаар сард хийж дуус­гахаар байгаа. Мөн чингэлэгийн урсгал нэмэгдэхээр байна. Харин ба­рилгын ачааны тээвэрлэлтийн гол хүнд­рэл бол хөдлөх бүрэлдэхүүн байдаг. Энэ талаар бид яам болон хол­боодтой ярилцаж байгаа” хэ­мээв. Түүнчлэн “Шилжүүлэн ачих хэсэгт нэг программ гаргах хэрэгтэй байна. Одоогийн байгаа нөхцөл байдлыг яаж, ямар хугацаанд сайж­руулах вэ гэдгийг бодох учир­тай. Бид өнөөдөр Замын-Үүд дээр нэг сан эвдрэхээр сэлбэгийг нийлүүлэх маягаар ажиллаж байгаа. Харин эдгээр терминалууд орчин үеийн болох ёстой. Бид ерөнхий инженерээр ахлуулсан техникийн шинэчлэлийн хөтөлбөр гаргасан. Энэхүү хөтөлбөрт шилжүүлэн ачих хэсгийг яах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрөө улам тодорхой болгох хэрэгтэй” гэв. Харин Эрдэнэт өртөөний дарга Эрдэнэчимэг “Бидний ярилцсан асуудлаар шийдвэр гарч хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Аливаа байгууллага санхүүгийн тодорхой эрх мэдэлтэй, гэрээ хэлэлцээрээ өөрсдөө хийдэг байвал ажил шуурхай байдаг болов уу. Гэтэл гэрээний асуудлыг зөвхөн замын даргад байдаг. Үүнийг өөрчлөөд замын даргад эрх өгч, хариуцлага тооцдог болбол ямар вэ” гэсэн санал хэллээ. Зүүнхараагийн Мод боловсруулах үйлдвэрийн дарга Доржсүрэн “Ойн нөөцийг тогтоож, БОАЖЯ, Ойн газрын шийдвэрээр аймгийн ИТХ-д санал өгч, сумдын ИТХ-аар хэлэлцүүлж байж мод бэлт­гэх эрхтэй болдог. Энэ нь маш хүнд­рэлтэй бөгөөд цаг хугацаа алддаг. Тиймээс үүнийг шийдвэрлэж, ан­хаарах хэрэгтэй болов уу” хэмээлээ.

УБТЗ-ын Удирдах ажилтнууд өнгөр­сөн оны ажлынхаа үр дүнгийн талаар ярилцахаас гадна 2012 онд хийх ажлынхаа зорилтыг тодор­хойлов. Үүнийг УБТЗ-ын дарга Т.Очир­хүү хэлэхдээ “Бид энэ онд ол­сон амжилтаа баталгаажуулж 19.2 сая тонн ачаа, дөрвөн сая зорчигч тээвэрлэн, тээвэрлэлтээс 416.3 тэр­бум төгрөгийн орлого олж 2.1 тэр­бум төгрөгийн ашигтай ажиллах зо­рилт дэвшүүлж байна” гэсэн юм. Мөн “Мандал, Шивээ-Овоо, Түнхэл зөрлөгүүдэд тус бүрт нь 24 айлын орон сууц, Өргөн зөрлөгт 12 айлын орон сууц барих, хоорондын замын зөрлөг, замын хэсгүүдэд оршин суугч­дыг интернэт үйлчилгээгээр хангах зэрэг ажлыг санхүүжүүлнэ. Үүгээр зогсохгүй Улаанбаатар, Сүхбаатар, Хөтөл, Эрдэнэт, Дархан зэрэг зөрлөгүүдэд нийт 670 айлын сууцыг ипотекийн зээлээр барьж байгуулан төмөр замчдад олгох болно” гэдгийг УБТЗ-ын дарга Т.Очирхүү дурьдлаа.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


 

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл