70 км төмөр замын дэр солих ажил дууслаа
Зохиогч: Г.Дэлгэрцэцэг
Хэвлэсэн он: 2012

70 км төмөр замын дэр солих ажил дууслаа

 

2012-10-15

 

Улаанбаатар төмөр замын энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил болох Олон Овоо өртөөнөөс Чойр хүртэлх 70 км замын модон дэрийг төмөр бетоноор солих ажил өнгөрсөн бямба гаригт амжилттай дууслаа. Өнгөрсөн хавар буюу тавдугаар сард замын их засварын ажлыг эхлүүлэхээр 300-гаад замчин, инженер техникийн болон аж ахуйн ажилчид Говьсүмбэр аймагт ирж байсан гэнэ. Их ажлын ард гарсан замчдын хувьд эх орныхоо бүтээн байгуулалтад их хувь нэмрээ оруулсан ажил болжээ. Учир нь модон дэрийг төмөр бетоноор сольсноор галт тэрэгний хурд болон тээвэрлэх ачааны жин нэмэгдэх, зүтгүүрийн депо эвдрэхгүй байх, галт тэрэг донслохгүй амгалан тайван зорчихоос гадна байгаль орчинд ээлтэй гээд олон талын ач холбогдолтой. Монгол Улс урьд нь ийм төрлийн замын их засварын ажлыг бие даан хийж байгаагүй гэхэд гүйцэтгэлийн хувьд сайн болсон аж. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж замын ажилтай танилцан, хүлээж аваад онц сайн гэсэн үнэлгээг замчдадаа өглөө. Тиймээс ч сайн ажилласан инженер, техникийнхнээ шагнаж урамшуулсан нь бүтэн зургаан сарын турш гэртээ харилгүй хөдөлмөрлөж, бүтээн байгуулалтын ажлаа амжилттай дуусгасан замчдын баяр дээр баяр нэмсэн явдал байв.

ТӨМӨР БЕТОН ДЭР БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ
Олон Овоогоос Чойр өртөө хүртэлх 70 км замыг ийнхүү төмөр бетон Р65 гэдэг дэрээр шинэчлэн засварласан нь байгаль орчинд хамгийн ээлтэй. Энгийнээр хэлэхэд модон дэрийг хийхийн тулд заавал мод огтлох шаардлага гардаг. Тэгээд ч эдэлгээний хувьд модон дэр 15 жил байдаг бол төмөр бетон нь 35-40 жил байдаг. Мөн галт тэрэг хамгийн дээд талдаа 90 км цагийн хурдтайгаар тээвэр хийх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсад өндөр үр ашиг авчрах юм байна. Одоогоор манай улсад 600 гаруй км зам модон дэртэй үлдэж буй бөгөөд цаашдаа төмөр бетоноор солих ажил үргэлжлэх аж. Тодруулбал, УБТЗ-ынхан жилд 100 км-ээс доошгүй замыг шинэчлэн засах ажил өрнүүлж, хамгийн доод тал нь зургаан жилийн дотор төмөр бетоноор солих зорилго тавин ажиллах юм байна.

ЦОНХ ГЭДЭГ НЬ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЖ АЖИЛЛАХЫГ ХЭЛДЭГ
Замын их засварын цувааны дарга Г.Алдарбаттай уулзлаа.

-Энэхүү бүтээн байгуулалтын ажлаа танилцуулахгүй юу?
-Энэ жил манай УБТЗ 70 км замын их засварыг өөрсдөө бие дааж хийлээ. Бид нийт 35 үндсэн цонхыг амжилттай хийж дуусгахаас өнөөдөр сүүлийн цонхоо хийж байна. Мөн 35 технологийн цонх хийхээс 34-ийг нь гүйцэтгэлээ. Нөгөөдөр сүүлийн технологийн цонхоо хийгээд дуусна. Ажлаа технологийн ямар нэгэн зөрчилгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж хийж дууслаа. Нэг удаагийн цонхны ажилд 240-270 хүн оролцдог. Цаг хугацааны болон техникийн саатал гараагүй.

-Технологийн цонх гэж юуг хэлдэг юм бэ?
-Үндсэн цонх дууссаны дараа эргээд замын хүнд машин механизмууд ажиллаж замыг тогтоосон хурдад нь оруулах үүрэгтэй. Зам тавиад дуусахад үндсэн цонхыг эхний ээлжинд 40 км/цагийн хурдтайгаар нээж байгаа юм. Дараагийнх нь 60 км/цаг. Замын тогтоосон хурд 80 км/цаг байдаг. Үүнд хүргэхийн тулд технологийн цонхыг хийдэг. Үүнийг үндсэн цонх хийсний маргааш нь дөрвөн цагийн хугацаатай хийнэ. Мөн замчид өөрсдөө гараараа нарийн ажлыг хийж тогтоосон хурдад нь оруулж өгдөг.

-Төмөр бетон дэр тавих ажлыг манайх анх удаа хийж байна уу?
-Р65 төмөр бетон дэрээр солих ажлыг анх удаа хийж байна. Энэ зам нь хөдөлгөөний аюулгүй байдал найдвартай хангагдах, голын даац нэмэгдэх ач холбогдолтой.

-Төмөр бетон дэрний эдэлгээ 35-40 жил гэсэн. Тэгэхээр ийм хугацааны дараа дахин засвар хийнэ гэсэн үг үү?
-Тэгнэ. Гэхдээ галт тэрэгний өнгөрүүлсэн жин, тонноос шалтгаалж их засвар орно.

-Нэг үед хэчнээн төмөр бетон дэр орсон бэ?
-Нэг үедээ 46 дэртэй. Нийт 70 км замд 2800 үе тавиад байна.

-Ирэх жил ямар ажил хийх вэ?
Багахангайгаас Наран өлгий хоорондох 70 км замыг шинэчлэн засварлахаар төлөвлөсөн.

ЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД УБТЗ- ЫН ДӨРВӨН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦСОН
Төмөр бетон дэрийг манайх дотооддоо үйлдвэрлэсэн. УБТЗ-ын Замын аж ахуйн албаны харьяа Хөтөлийн бетон дэрний үйлдвэрт уг Р65 дэрийг хийж, 70 км замын бүтээн байгуулалтад нийлүүлсэн байна. Харин энэхүү их засварт ашигласан 140 мянган шоо метр бутламал чулуун хайргыг Олон Овоотод байх чулуун заводоос нийлүүлжээ. Замын аж ахуйн албаны харьяа чулуун завод нь 20-60 хэмжээтэй бутламал чулуун хайргыг үйлдвэрлэхээс гадна төмөр бетон дэрний түүхий эд болох 10-20-ийн хайргыг Хөтөлийн үйлдвэрт нийлүүлсэн байна. Мөн тун удахгүй ашиглалтад орох “Нарны гүүр”-ний тулгуур баганын чулууг энэ завод үйлдвэрлэсэн гэнэ. Энэ мэтчилэн 330 сая төгрөгийн түүхий эдийг гадны байгууллагад нийлүүлсэн гэсэн тооцоо гарсан байна. Ингээд замын их засварыг ПДМС буюу Зам засварын машинт станцынхан хийж гүйцэтгэсэн юм. Тиймээс энэ олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, олон сарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн учраас замын техникийн байдал дээд түвшинд хүрсэн гэдгийг УБТЗ-ын замын аж ахуй хариуцсан орлогч дарга Б.Батбаатар онцоллоо.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон Зам засварын машинт станцын бригадын дарга Э.Бадамрагчаатай уулзахад “Би 2011 онд Төмөр замын дээд сургуулийг барилга, замын аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд замчнаар ажилд орж байсан. Одоо бригадын дарга хийж байна. Ер нь би мэргэжлээрээ маш их бахархдаг. Миний аав ээж хоёр хоёулаа замчин. Хоёулаа төмөр замд ажилладаг. Тиймээс бид удам дамжсан замчид гэдгээрээ бахархдаг. Төмөр замын тээвэр бол Монгол Улсын голлох тээвэр. Ачаа эргэлтийн бараг 90 орчим хувийг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна. 70 км замын их засварыг 8-10 цагийн цонхонд галт тэргийг барилтгүйгээр хийж гүйцэтгэхэд бэрхшээл байсан. Гэхдээ бид бэрхшээлийг даван туулахын төлөө, ялан гарахын төлөө тэмцэж ажилладаг, энэ бол бидний ажлын зорилго” гэж байсан юм.

Төмөр замын засварын ажлын нэг онцлог нь галт тэрэгний хөдөлгөөн хаалгүйгээр тухайн замаар галт тэрэг өнгөрөх цагтай зөрүүлж хийдэг. Тиймээс энэ бүтээн байгуулалтын ажлыг мягмар болон бямба гаригуудад хийж гүйцэтгэсэн байна. Мөн энэ ажлын хөрөнгө нь УБТЗ-аас гарсан бөгөөд 34 орчим тэрбум төгрөг шаардагджээ.

Г.Дэлгэрцэцэг

  • URL:
2015-01-10
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл